Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас нээх шийдвэрийг гаргасан. Холбогдох албаныхан өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж мэдээлсэн юм.
Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ.
Энэ дагуу
- Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт,
- Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт,
- Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт,
- Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт,
- Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.
Улмаар шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллах юм.