Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанд нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа танилцууллаа.
“Нийслэл Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж, суурьшлын нутаг дэвсгэр нь өргөжин тэлж байгаа тул авто замын сүлжээ төлөвлөлтийг хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Иймд хотын хөгжлийн чиг хандлага, хүн амын өсөлт хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцэж, оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал чиглэл, даац ачааллыг бүрэн хангасан, дэд бүтцийн үндсэн сүлжээтэй уялдсан, байгаль орчинд ээлтэй улс, олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн авто замын 2015.2 км сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Улаанбаатар хотын гудамж замын сүлжээний уртыг одоогийнхоос 534.4 км-ээр нэмэгдүүлж 1313.6 км-д хүргэх урт хугацааны зорилтыг боловсруулсан” гэлээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, мастер төлөвлөгөөнд нэмж тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, зарим тодруулж асуух зүйлээ холбогдох албаны хүмүүсээс асуув.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ажил хийх бүх нөхцөл боломжоор хангаж, цаг хугацаа өгсөөр байтал мастер төлөвлөгөө батлах асуудал төлөвлөсөн хугацаанаасаа нэлээд удааширч байна. Иймд мастер төлөвлөгөөгөө илүү нарийвчлан тооцоо судалгаатай гарган авто замын хөгжлийн бодлоготой уялдуулж, бүх төлөвлөгөөгөө гаргаад дахин оруулж ирэх шаардлагатай” гэдгийг үүрэг болголоо. Мөн “Дөрөвдүгээр сарын 01-н гэхэд замын тэмдэг, тэмдэглэгээг бүгдийг шинэчилсэн байх ёстой. Шаардагдах бүх хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн. Хариуцсан албан тушаалтнууд хариуцлагатай ажилла” гэлээ. Уг асуудлыг дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.
Дэд төвүүдийн барилга угсралтын ажлын явцыг танилцуулав
Дараа нь хуралдаанаар Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилга угсралтын ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний саналын тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагч Д.Авирмэд танилцууллаа.
“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийн ажил болон барилга байгууламжууд төлөвлөгдөж хийгдэнэ. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Намар гэхэд ажил нь бүрэн дуусна. Харин Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдийн цахилгааны асуудал хүндрэлтэй байгаагийн улмаас бүтээн байгуулалт удаашралтай байна” гээд төслийг үргэлжлүүлэхэд зарим тулгамдаж буй асуудал байгааг онцолж хэлээд шийдвэрлэж өгөхийг төслийн зохицуулагч Д.Авирмэд холбогдох албаны хүмүүсээс хүсэв.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэж, ажиллахаар боллоо. Хотын Захирагч С.Амарсайхан “Ямар нэгэн шалтгаанаар төслийн үйл ажиллагаа удаашрах, зогсох асуудал байж болохгүй. Шаардлагатай бүх арга хэмжээг авч нөөц бололцоогоо ашиглаж ажилла” гэдгийг холбогдох албаныханд хэлсэн юм.