Дэлхий дахинд өргөн цар хүрээтэй тархаж буй шинэ коронавируст (CoViD-19) халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ.
Тэгвэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарал тавих зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив тусламж өгч эхэлсэн.
Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд болон зорилтот бүлгийн ард иргэддээ зориулан “Чинван импекс” ХХК-иас нийт 31,8 сая төгрөгийн өртөг бүхий 7800 ширхэг “Феровит” био специал, витамин В комплекс, витамин Е 100 мг хандивлалаа.
Мөн “Ач үр” ХХК-иас нийт 25,1 сая төгрөгийн өртөг бүхий 1895 ширхэг Антиосикапс №30, Антиосикапс+төмөр №30, витамин Е 200 мг болон 400 мг, Кальций Д3 витаминыг хандивласан юм.
Эдгээр эм бэлдмэл, дархлаа дэмжих витаминыг эрүүл мэндийн байгууллагууд, мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, угаарын хийн хордлого болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штаб зэрэг олон газарт хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ нэн даруй хуваарилан хүргүүлж байна.
Цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд анхаарч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив тусламж өгсөн "Чинван импекс" ХХК болон “Ач үр” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.