Нийслэлийн Засаг дарга архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 8 нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан. Тодруулбал, өмнө нь зугаа цэнгээн, урлаг, спорт, соёлын газруудын үйл ажиллагааг зогсоогоод байсан захирамжийг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгахаар болсон.
Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 8 нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулахаар боллоо. Ингэхдээ 07.00-22.00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах цагийн хязгаарыг тогтоов. Үүнээс өмнө 8 нэрийн дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл ажиллаж байсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг цагдаагийн алба хаагчид өчигдөр оройноос эхлэн хянаж эхэлжээ.