Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байна.
Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ.
Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ.
Үндэсний инновацийн шагналд шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгч нарын хүсэлтийг хүлээн авна.
Та бүхнийг “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлэн “Үндэсний инновацийн шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
- Зах зээлд сүүлийн хоёр жилд нэвтрүүлсэн байх;
- Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;
- Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх;
- Олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх;
- Инновацийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх.
- Үндэсний инновацийн шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 118 тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих утас: 263180