О.Баасанхүү МАХН-аас гарах хүсэлтээ өгчээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах хүсэлтээ тус намын дарга Н.Энхбаярт хүргүүлжээ.

Тэрбээр хүсэлтээ өгсөн тухай хэвлэлийн бага хурал хийхдээ, “Өөр намд элсэх эсэхээ энэ долоо хоногт шийдвэрлэнэ. Миний бие улс төрийн намуудад орон сууцны зээлийг бууруулах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг санал хүргүүлсэн. Үнэн ба Зөв намаас эхлээд олон нам миний саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн 2016 онд МАХН-наас намайг хөөсөн тухай мэдээлэл гарч байсан.

МАХН-д гишүүнээ хөөх эрхзүйн орчин, дүрэм байдаггүй. Тиймээс 2020 он хүртэл МАХН-ыг УИХ-д суудалтай байлгах, тус намын нэрээр намайг дэмжсэн хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх үүднээс гарах хүсэлтээ өгөөгүй байсан юм. Одоо ээлжит сонгуулийн жил ирсэн тул хүсэлтээ өгч байна" гэж мэдэгдлээ.