Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /2020.05.03/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сард тус ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан юм.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн билээ.

Тус орд нийт 2887,85 га талбайг хамардаг бөгөөд ил уурхайн Хүдэр баяжуулах үйлдвэрийг бүрэн ажиллуулж эхэлснээр анхны баяжмалаа гарган авчээ. Тус үйлдвэр нь жилийн дөрвөн улиралд 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Хоногт 1000 тонн хүдэр боловсруулж, 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор нэг кг мөнгө, гурван гр алт, нэг кг гаруй зэс, цайр агуулагддаг. Баяжуулах үйлдвэр нь 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулдаг байна.

Усан хангамжийг уурхайн бүсээс 2000-3500 метрийн зайтай 4 гүний худгаас хангадаг бөгөөд үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах нөөцийн 3 усан санг байгуулжээ. Баяжуулах үйлдвэр хуурай хаягдал гаргадаг. Байгаль орчинд ээлтэй технологид суурилан, хэрэглэсэн усны 85 хувийг дахин ашигладаг байна.

Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайхан, “Одоогоор манай ордод 220 орчим хүн ажиллаж байна. Цаашид ажлын байрыг 350 хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүднээс сургалт явуулж байна. Ажилчдын дундаж цалин 2 сая орчим төгрөг байдаг. Ажил үүргийн холбоотой 40 гаруй компанитай хамтран ажиллаж байгаагаас 15 орчим нь туслан гүйцэтгэх ажлыг тогтмол хийдэг. Нийтдээ 1000 гаруй өрхийн амьжиргааг сайжруулахад нөлөөлж байна гэсэн судалгаа гарч байгаа” хэмээн танилцуулав.

Өнгөрөгч оны 12 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс силвер ресурс” ХХК Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаасан. Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд, “Эрдэнэс силвер ресурс” компани Монголбанкинд 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авахаар тусгасан билээ.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, “Ордыг анх төрийн мэдэлд авахад балгас шиг байсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн 80 хувийг монгол инженерүүдийн ур ухаанаар 30 хоногийн дотор шинэчилж, бүрэн автоматжуулаад байна. Зарим тоног төхөөрөмжийг өөрсдөө хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Тавдугаар сарын 1-ний өдөр үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлнэ гэсэн амлалтаа биелүүллээ. Үйлдвэрийнхээ анхны баяжмалыг гаргаад авчихсан. Монгол Улсын нийт иргэд, үр хүүхдүүддээ ирээдүйн баялаг болгон үлдээх ажил эхэлсэн. Энэ ажлыг хийхэд дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд, нийт инженер техникийн ажилтнууддаа талархал илэрхийлмээр байна. Энэ бол хамтын хүч. Баялгийн сангийн эхлэл Салхит ордоор эхэлж байна гэж ойлгож болно.

Төлөвлөгөө ёсоор таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг төлөх даалгавартай байгаа. Өмнө хийгдсэн ТЭЗҮ болон нөөцийн судалгаагаар Салхитын мөнгө, алтны орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөц тогтоолгосон. Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1.4 тонн алтны нөөцтэй байсан. Хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр дээрх нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ ордыг төрийн мэдэлд шилжүүлэхэд их удсан. Жил гаруйн хугацаанд газар дээр нь ирж ажиллагаа явуулсны дүнд иргэдийн хяналт дор төрийн мэдэлд шилжүүлсэн. Ард түмэнд шууд өгөөжөө өгсөн баялаг ашиглалтын анхны жишиг орд боллоо. Иргэдийн амьжиргаа, улсын эдийн засаг, бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх зарчмыг баримталж 228 орчим мянган ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 770 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Хямралын үед эрчимтэй ажиллаж, үр ашиг бүтээж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлын тод жишээ болж байна.

Төсвөөс ямар ч санхүүжилт авалгүй, банкны зээлийн барьцаанд тавилгүйгээр зөвхөн өөрийн нөөц боломжоор нь ордын үйл ажиллагааг явуулж, бүтээн байгуулалт, баялгаа үйлдвэрлэж байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлнэ. Олон залуучууд ажлын байртай болж байна. Ингэж ард түмэн, улс орондоо өгөөжтэй сайн жишиг тогтоосноор цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр орд газруудаа зөв менежменттэй ашиглах боломж байгааг харууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэнтэй нийцэж байгаа юм” гээд богино хугацаанд үр дүнтэй, сэтгэл зүтгэлтэй ажиллаж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр үйлдвэрийн хамт олон монгол инженерүүдийн өөрсдийн технологид суурилан гаргаж авсан мөнгөний баяжмалын дээжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт, хоёр дахийг тус ордын анхны эзэмшигч Ш.Мөнгөншагайд гардуулан өгөв.

Ш.Мөнгөншагай, “Гурван жил гацсан ажил эхэлж байгааг харах сайхан байна. Монгол Улсад маань баялаг ихтэй, олон сайхан уурхай, орд байна. Шууд үр шимийг нь ингэж хүртсэн уурхай хэд байгаа билээ. Энэ орд анхных нь болж байна. Цаашид жишиг болоод явбал ард түмэнд хэрэгтэй. Энэ их хямралын үед өндөр настнууд өр зээлтэй байсан бол маш хүнд байх байсан. УИХ-ын дарга Г.Занданшатар болон төр засаг, миний бие ч гэсэн энэ ажлыг дэмжиж, гар бие оролцсондоо баяртай байна” хэмээн талархал илэрхийлэв.