Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн ажлууд шат шатандаа үргэлжилж байна. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ.
Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх хүсэлтүүд ирсэн учраас Таван шар – Саппоро, Саппоро – Баянбүрд, МУБИС – Зүүн 4 зам, Зүүн 4 зам – Офицеруудын ордон, Яармагийн гүүр – Маршалын гүүр - Зайсангийн гүүр – Скай Ресорт - Баянзүрхийн товчоо - Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам баригдах юм байна.
Төв зам дагуу, автомашины замаас ангид, аюулгүй байдлыг хангасан стандартын шаардлага хангасан дугуйн зам баригдаж байгаа гэдгийг дурдлаа. Жишээ нь, Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болж, үлдсэн ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийнэ хэмээсэн юм.