ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 8.383.000 хүн коронавируст халдвараар өвчилж, 450 мянга гаруй хүн нас баржээ. 4.3 сая хүн эдгэрсэн бол 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 131 мянган хүн энэ өвчнөөр өвчилж, 5000 гаруй хүн нас барлаа. Бээжинд гарсан халдварын тархалт, өргөжих хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт Бээжингээс Макаод очсон хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн байна .ОХУ-д сүүлийн 24 цагт 7843 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тогтвортой өссөн хандлагатай байна.
Манай улсын хувьд өчигдөр /2020.06.17/ 270 хүн ажиглалтад орж, 362 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин 1632 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Өчигдөр БНСУ-аас транзит нислэгээр ирсэн 257 хүний тавыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг буудлуудад тусгаарласан” гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 17-нд нийт 363 хүнд шинжилгээ хийхэд 159 хүнээс халдвар илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор ирсэн Беларусийн дөрвөн жолоочоос коронавирус илэрлээ. Энэ хүмүүс 33, 36, 40, 59 настай. Тэднийг ХӨСҮТ рүү авчирч байна. Өчигдрийн нислэгээр ирсэн иргэдэд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн сэжигтэй гэж үзсэн таван хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэж дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгээр нь 19-23 насны 15, 35 настай нэг оюутан байна. Ийнхүү Монгол Улсад халдварын 201 тохиолдол батлагдаж, 127 хүн эдгэрлээ” гэв.