Дахин гурван жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.19/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд  1719  иргэн  ажиглалтад байна.  Шинээр 297 хүн тусгаарлалтад шинээр орж 216 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор өчигдөр эх орондоо ирсэн иргэдээс эрүүл мэндийн шалтгаантай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, үлдсэн иргэдийг ажиглалтын байр луу хуваарилжээ.

Орон нутгийн 18 чиглэлийн  галт тэргэнд 5000 гаруй  иргэнээс тандалт судалгааны зорилгоор шинжилгээ хийхэд  сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс  218 дуудлага иржээ. Гадаадын Герман, АНУ, Япон  улсаас гурван иргэн холбогдож коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өнгөрөгч  цагийн байдлаар ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 339 хүнээс 336 хүнд коронавирус илрээгүй бөгөөд гурван ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Халдвар авсан жолоочийн нэг нь Бларус, ОХУ, нэг нь монгол жолооч байжээ.Ингэснээр коронавирусийн халдварын тохиолдол 204 болж, 132 хүн эдгэрч гарсан. Одоогоор 72 хүн эмчлэгдэж, 67 хүн хөнгөвтөр, таван хүн хүндэвтэр байна.