“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор”-ын газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 30, 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор”-ын хилийн цэсэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжив. Ингэснээр тус цогцолборын хилийн заагийг 8,74 га байхаар тогтоож, өөрчлөлт орсон газрыг холбогдох хууль журмын дагуу газар ашиглуулах гэрээ байгуулж гэрчилгээ олгох, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, хамгаалалтад авч хашаажуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд даалгалаа.

Хамбын овооны баруун жалгаас 2003 оноос эхлэн хүний яс их хэмжээгээр гарч ирэх болсонтой холбоотойгоор “Монголын уламжлалт урлах ухаан” соёлын төв /бурханч лам Г.Пүрэвбат/-ийн санаачлагаар уг газраас гарч ирсэн араг яснуудыг цэгцэлж уламжлалт зан үйлийн дагуу чандарлан Давхарлагат байшин суваргыг бүтээн дотор нь оршоосон байдаг. Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрхтэй адил хомроглон устгаж, булшилсан 40 гаруй байршил байж болзошгүй тул уг байшин суваргыг газрыг “Монголын уламжлалт урлах ухаан” соёлын төвд хариуцуулан эзэн хамгаалагчаар тогтоож өгсөн.

Улмаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2008 онд “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор” орчмын 169794 м2 газрыг түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт 2011 оноос хойш иргэд зохих байгууллагын зөвшөөрөлгүй суурьшиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 47 өрх 18 барилга, байшин барин амьдарч байна. Тэдгээр иргэдийн газрын зөвшөөрөл хүссэн нэгж талбаруудын хэмжээ, Баянхошуу нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний давхцаж буй газрын хэмжээг хасч хэмжилт хийн 8,47 га газрыг ийнхүү орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болов. Харин үлдэж буй газарт анхааруулсаар байтал буусан долоон айлыг нүүлгэн шилжүүлж, өөр байршилд шилжүүлэхээр тогтов.