Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улсын III төв эмнэлэг болон Монголын Зүрх судасны төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад бүртгэгдэж буй нийт нас баралтын 33.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй, уг өвчнөөр нас барах тохиолдлоор манай улс олон улсад тэргүүлдэг талаар Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг хэллээ. Энэ төрлийн өвчлөлийн статистик сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, өвчтөнүүдийн нас залуужиж байгаа аж.

Засгийн газраас Зүрх судасны төвийн үйл ажиллагаа, хүчин чадлаа өргөтгөх тал дээр дэмжлэг үзүүлж, барилгын ажлыг нь удахгүй эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Төвийн барилгыг Улсын III төв эмнэлгийн хашаанд барихаар зураг төсөл хийсэн байна. Гэвч Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг хааж барилга, байшин барьсны улмаас иргэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг авахад бэрхшээлтэй байгаа аж.
Иймд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улсын III төв эмнэлгийн удирдлагуудын хүсэлтээр нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаныханд эмнэлгийн орц, гарцыг нэн ойрын хугацаанд нээх чиглэл өглөө.

Орц, гарцыг Улсын III төв эмнэлгийн зүүн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайг ашиглан, иргэд чөлөөтэй нэвтрэх шийдлээр хийх юм.