Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүдийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Дэлхийн банк нийслэлтэй олон жил өргөн хүрээнд хамтын ажиллагаатай явж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ. Цаашид арьс шир боловсруулах байгууламжийг сайжруулах төсөл болон Улаанбаатар хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Төслийн судалгааны ажлууд хийгдсэн. Судалгааны тайлангуудыг нийслэлийн холбогдох газруудад өгсөн. Энэ төсөл хэрэгжихэд нийслэлийн дэмжлэг их чухал” гэдгийг онцолж хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн банктай Улаанбаатар хот урт хугацаанд түнш явж ирсэн. Монгол Улс эдийн засгийн хүнд үед ороход ч гол түнш нь байсаар ирсэнд талархалтай байдаг. “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл” нь агаарын бохирдлыг бууруулах ажилд чухал нөлөө үзүүлсэн. Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслүүд ард түмний санал, хэрэгцээнд тулгуурласан байдгаараа давуу талтай байдаг. Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах, арьс шир боловсруулах байгууламж, хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх энэ төслүүд бүгд чухал төслүүд учраас амжилттай хэрэгжүүлэх талд нийслэл бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм.
Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.