Мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилгоор дэлхийд өрсөлдөх чадвартай “10.000 программист” бэлтгэх төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд “Гэрэгэ Академи” сургалтын төв нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Гэрэгэ системс компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, багш Ю.Намсрай, Д.Гармаа болон академийн суралцагчид оролцов.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нээж хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхахгүйгээр бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй эрин зуунд амьдарч байна. Тийм учраас бид бүхэн өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залууст сурах боломжийг бүрдүүлэхээр 10.000 программист төслийг эхлүүлсэн. 10 мянган программист бэлтгэх төсөл хэрэгжсэнээр мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.
Мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр зөвхөн Монголд төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ.
Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм. Улаанбаатар хот “цахим хот” болохын суурь үндэс нь эдгээр чадварлаг программистууд юм. Тиймээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүхий талаар дэмжиж ажиллана” хэмээлээ.
Уг сургалтын төвд суралцагч хүүхэд, залуус алгоритм зохиох суурь мэдлэг, чадварыг эзэмшиж, программ бичих суурь мэдлэг олж авахаас гадна бие даан хөгжих боломжтой юм.