УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаав.
УИХ-аас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ. Өнөөгийн байдлаар, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо нэмэгдэж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төслөөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах, хооронд нь сэлгэх эрх олгох гэж буйг тодотоод, ингэснээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь дуртай хэрэг дээрээ ямар шүүгч оруулах эсэхээ шийддэг болно гэдгийг дурдав. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байхаар заасан эрхийг зөрчиж байгааг шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, шүүхэд хэрэг шийдэгдэхгүй хуримтлагдсанаар, маш олон иргэдийн эд хөрөнгийн маргаан, түүнчлэн банк санхүүгийн байгууллагын асуудлууд шийдэгдэхгүй хүндрэл үүсээд буйг тайлбарлав. Учир нь хэргийн оролцогч шүүх бүрэлдэхүүн болон шүүгчээс татгалзвал өөр нөөц байхгүй. Танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах замаар түгжрэлээс гарах, хоёр бүрэлдэхүүн зэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах гарцыг нээх байдлаар төслийг боловсруулсан гэв.
УДШ-ийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв, 2019 оны намар Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим гурван шүүгчтэй байсан хэмээгээд, тухайн үед шүүн таслах ажиллагаанд шүүгчийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байсныг тайлбарлав. Үүнтэй холбоотой өөр танхимаас шүүгч оруулж ирэх эрх зүйн орчин бүрдээгүйгээс хэргийн хуримтлал үүссэн хэмээн тэмдэглэв.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд хуулийн төслийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах тогтоол батлагдав.