Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөл болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдсан асуудал, газрын зөрчил арилгах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Дараа нь хуралдаанд Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй зарим асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.
Тэрбээр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл наймдугаар сарын 07-ны өдрийн байдлаар 60 хувьтай байсан бол есдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлах төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох боломжгүй 2020-2021 онд шинээр ашиглалтад орох 14 сургууль, цэцэрлэгийн 26 халаалтын зуух, тусгай зөвшөөрөлгүй төсөвт найман байгууллагын 16 халаалтын зуух, БОАЖЯ-наас зарласан 10 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтыг хийд шилжүүлэх угсралтын ажил хийгдэж байна” гэв. Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд тулгамдаж буй зарим асуудал байгаа гэдгийг онцолж хэллээ.
Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа газруудтай хариуцлага тооцох хэрэгтэй
Мөн өнөөдрийн хуралдаанд Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцын тухай танилцуулгыг Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийв.
Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 78 хувьтай байна. Дулааны станц ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороод, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороодын 10 мянга гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгж хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулааны хангамжийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ. Дулаан хангамжийн нэгдсэн эх үүсвэртэй болсноор тухайн орчимд барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга байгууламж баригдах суурь нөхцөл бүрдэх аж.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдолтой тэмцэх ажилд энэ дулааны станц чухал нөлөөтэй. Тиймээс холбогдох газрууд хяналтаа нэмэгдүүлж ажилла. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжтэй нь хууль журмын дагуу хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ.