Тусгай нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах байрны хуваарь гарчээ

УОК-ын шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр есдүгээр сард эх орондоо ирэх иргэдийг хаана тусгаарлах талаар мэдээллээ.

Одоогийн байдлаар, Улаанбаатар хот болон Төв аймагт нийт 35 тусгаарлах байранд олон улсын нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж байна. Уг тусгаарлах байрууд 1734 өрөө, 2968 ортой ба нэг удаад 2700 гаруй иргэн авах боломжтой.

Нийт 150-160 өрөө бүхий 260-аас дээш ортой 3-5 ажиглах байранд нэг нислэгийн хүмүүсийг тусгаарлахаар төлөвлөдөг. Одоогийн хүчин чадлаар сард 11 нислэг хүлээн авах боломжтой аж.

Одоогоор Монгол Улсад 3246 иргэн тусгаарлалтад, 2266 иргэн гэрийн ажиглалтад байгаа бол 16 166 хүн тусгаарлалтаас гарчээ.

Алтанбулаг боомтоор өчигдөр нийт 96 иргэнийг татан авснаас Монгол Улсын 38, гадаадын 58 иргэнийг Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлажээ.

Тусгаарлан ажиглах байрны өөрчлөлтийг тухай бүр нь ОБЕГ-ын цахим хуудсаар мэдээлэх юм байна.