Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зүгээс зөв галлагааны заавар зөвлөмж, угаар мэдрэгчийг хэрхэн ажилуулах талаарх мэдээллийг өнөөдөр олон нийтэд хүргэлээ. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал нар өглөө.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанитай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн янданг хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэл гэр байшингаа дулаалсан байдлыг шалгаж, угаар мэдрэгчийг ажиллаж буй болон галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж буй.
Энэ хүрээнд нэг сарын хугацаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аянг зохион байгуулж нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагчид айл өрх бүрээр орж, галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллажээ. угаарын хийнээс сэрэмжлүүлэх компанит ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 01-ны өдөр хүртэл зохион байгуулах аж.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нийслэлийн зургаан дүүргийн 162 мянган айл өрхөд угаар мэдрэгчийг суурилуулсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж орсон дүүргүүдэд 15 мянган угаар мэдрэгчийг нэмж суурилуулах ажлыг хийж байна. Иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахын тулд угаар хий мэдрэгчийг ажиллаж буй эсэхийг сайтар шалгахыг уриалж байна. Энэ сарын 19-ны өдөр 20.00 цагт бүх айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчийг шалгахыг уриалж байна” гэв.
2019-2020 оны өвөл нийслэлийн хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Иймд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм. Иргэдийн хувьд зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил зөвлөлөө.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд хүйтэрч байна. Гэрт амьдарч байгаа иргэд галлагаа бүрэн дуусаагүй цогшсон байхад нь яндангаа аваад өрхөө бүтээсэн байдалтай угаартсан байсан. Энэ үед угаар мэдрэгч яагаад дуугараагүй вэ гэхээр иргэд өөрсдөө батарейг нь салгасан, тестэлж үзээгүй шалтгаан хэлж байна. Тэгэхээр иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг сануулж байна” хэмээлээ.
Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулжээ. Тус алба нь гэр хорооллын 200 өрх тутамд нэг хяналтын ажилтан ажиллаж байна. Эдгээр хяналтын ажилтан нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэж бүх дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэх зэргийг шалгаж байгаа аж.
“Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал “Хяналтын ажилтнууд өрх бүрээр орж ажиллахад угаар мэдрэгчээ авдартаа хийгээд хадгалсан, яндангаа хөөлөөгүй зуух пийшингийн битүүмжлэлээ засварлаагүй зөрчлүүд их илэрч байна. Галлагаа эхэлсэн энэ үед угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн дуудлагын дагуу очиход түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад бороо ороод байна гэх шалтгаанаар өрхөө бүтээж унтсан байсан. Тиймээс шахмал түлш шаталт удаан учраас гэрт амьдарч байгаа иргэдийг яндангаа битгий аваач гэж зөвлөмөөр байна. Хяналтын ажилчид маань гэрт амьдарч байгаа иргэдэд зориулаад агааржуулалтын хоолой хийж өгч байна.Ийм тохиолдолд өрхөө татаж яндангаа авах шаардлагаггүй. Дахин зөвлөхөд иргэд хариуцлагатай байж зуух яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна” гэлээ.
“Тавантолгой түлш” компани нь Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх үндэсний хорооноос зарласан “Яндангаа хөөлье” аянд нэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 7011-9400 дугаарт 3975 дуудлага ирж мэргэжлийн албан хаагчид 2000 гаруй өрхийн янданг үнэ төлбөргүй хөөлжээ. Мөн пийшин зуухны засвар үйлчилгээ, агааржуулалтын хоолой зэргийг хийж байгаа аж.