УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбоо /МДХ/-ны тэргүүлэгч гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар Дугуйн сургалтын төвтэй болно.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй МДХ-ныхон уулзахад, “Монголын дугуйн спортын тамирчдын дунд шийдэх олон асуудал байгаагийн зэрэгцээ дугуйг нийтийн хэрэглээ болгоход анхаарах ажлууд ч байгаа” гэв.
Тэрбээр эхний ээлжийн ажлыг төлөвлөж мягмар гарагаас зохих газруудаар явж шийдэл гарц гаргахаар ажиллаж эхэлжээ. Тухайлбал, Дугуйн сургалтын төвийн байрыг шийдэх, засварлах, тохижуулах, Төв аймагт нээгдсэн ОУХМ Д.Оргодол агсны нэрэмжит Дугуйн сургалтын төвтэй танилцаж, туршлага судлах юм байна. Улсын шигшээ багийг байгуулах тухай зохих удирдлагуудтай уулзах, Сонирхогчдын клуб, группүүдэд сургалт зохион байгуулж сертификат олгох, есдүгээр сарын 25-нд болох Налайхын дугуйн замын нээлтийн нэрэмжит дугуйн баяр, парадыг зохион байгуулах юм.
Мөн дугуйн замын стандарт, зогсоол, бүртгэлжүүлэлт, “Дугуйтай Монгол” зэрэг төслийг эхлүүлэх бөгөөд унадаг дугуйг нийтийн хэрэглээ болгоход хүн бүрийн хүчин зүтгэл хамгаас чухал гэдгийг МДХ-ны хамт олон онцолж байгаа юм.