Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, НИТХ-ын 14-р тойрогт /СБД-ийн 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хороонд / Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнийн Ганбаттай ярилцлаа.
-Сүхбаатар дүүргийн хувьд өнгөрсөн сонгуулиар АН ялсан цөөхөн дүүргийн нэг. Танай дүүргийнхэн нэг их улстөржөөд байдаггүй чимээгүй хийж, бүтээж чадаж байна уу гэж харагддаг?
-2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд манай Сүхбаатар дүүргийн иргэд АН-д итгэл үзүүлж, бид засаглаж байгаа. Сонгуулийн маргааш л бид төрийн албан хаагч болдог. Тиймээс иргэддээ үйлчилж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэж, иргэдийн дуу хоолой болж ажилладаг. Аливаа улс орны хөгжил нь нийслэл байдаг учир нийслэлийн төвийн дүүрэг нь тогтворгүй улстөржөөд байж болохгүй. Тэр дундаа миний тухайд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга учир дүүргийн парламентын төөлөгчидтэйгөө нам харгалзахгүй ойлголцож ажиллах ёстой. Өнгөрсөн 2012,2016 онд тойргийн иргэд маань надад итгэл хүлээлгээд энэхүү ажлыг хийлгэж байна. Тиймээс дүүргийн иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулахын тулд цаг, завгүй л ажиллаж байна даа.
-Сөрөг хүчин засаглаж байгаа гэдэг утгаараа эрх баригчдын зүгээс та бүхний ажлыг дэмжихгүй байх ч юм уу. Тийм бэрхшээл байдаг уу?
-Тийм тал бий. Бэрхшээлийг давж ажиллах хэрэгтэй л дээ. Төсвийн хүрээнд гэхэд л манай дүүрэг жил бүр нийслэлийн төсвийн 30 гаруй хувийг дангаараа төвлөрүүлдэг. Тодруулбал, 2017 онд 13.5 тэрбум төгрөг, 2018 онд 29.5 тэрбум төгрөг, 2019 онд 41.5 тэрбум төгрөгийн төвлөрүүлсэн бөгөөд 2020 онд 62.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ ажил хийхгүй гэвэл шалтаг мундахгүй, хийе гэвэл гарц байж л байдаг.
Тиймээс бид өнгөрсөн хугацаанд шалтаг хэлээд зүгээр суугаагүй гарц хайгаад, боломжийн хэмжээнд хийж бүтээсэн. Тухайлбал, СБД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх “Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийг баталснаар Иргэдийн оролцоотой, Боловсролд ээлтэй, Амьдрахад таатай, Иргэндээ үйлчлэх, Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг гэсэн таван үндсэн зорилт бүхий эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийг баталж , амжилттай ажилласан. Сүхбаатар дүүрэгт 2017-2020 онд дүүргийн төсвийн 53.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 503 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.
Тухайлбал, Иргэдийнхээ аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр 2017-2020 онд 2000 гаруй гэрэлтүүлэг, 500 орчим камержуулалтын асуудлыг цогцоор шийдсэнээр гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байна. Мөн боловсролын салбарт 8 тэрбум төгрөгийн 77 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсний дотроос дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг, 100 хүүхдийн ортой 143 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт 15.6 тэрбум төгрөгийн 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээс анх удаа дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 250 ортой дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барих төсвийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь түүхэн шийдвэрүүдийн нэг байлаа.
- Таны ажлын тайлантай танилцаж суухад ИТХ-ын завгүй ажлын хажуугаар хүмүүнлэгийн чиглэлийн ажил нэлээд дагнаж хийсэн байна. Юунаас болоод энэ чиглэлийн үнэ төлбөргүй ажлыг хийхээр зорих болсон юм бэ?
-Намайг төрөх үед Оросын хүй хайчилдаг цахилгаан хайч их хэмэглэдэг байсан. Тухайн үед тэр цахилгаан хайчнаас болоод надтай хамт төрсөн олон хүүхэд амиа алдаж байсан. Гэтэл би золоор амьд үлдсэн байдаг. Багадаа нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Таван настай байхдаа зусланд байсан айлууд нүүхдээ орхиод явсан цахилгааны утаснаас бариад, өндөр хүчдэлд цохиулаад амиа алдах шахсан. Ингээд бодоход би амьд явах хувь тавилантай юм байна гэж боддог. Алтан гартай эмч нар маань надаа хоёр ч удаа амьдрал бэлэглэсэн. Тиймээс ч би бусдад амьдрал бэлэглэхийг хүсдэг.
-Ямар чиглэлээр хүмүүнлэгийн ажил хийдэг юм бэ. Таныг ийм, тийм ажил хийчихлээ гээд телевизээр яриад байхыг чинь би нэг их хараагүй юм байна?
- Гэр бүлийн хүмүүжил, зөв дадал зуршил, зан чанар гээд маш олон зүйл нөлөөлдөг байх. Өнгөрсөн хугацаанд би Ротари клубийн анхдагч гишүүнээс эхлээд бүсийн захирагч, клубийн Ерөнхийлөгчийг нь хүртэл хийлээ. Мөн JCI Капитал салбарын гишүүн, JCI Монгол байгууллагын оны шилдэг гишүүн болж байлаа. Мөн дүүргийн Улаан Загалмайн хорооны даргын албан тушаалыг хашиж байхдаа хийсэн бүтээсэн зүйлээрээ попрохыг урьтал болгоогүй. Тиймээс ч намайг та телевизээр нэг их хараагүй байх. /инээв/ Хүмүүнлэгийн олон ажил хийж байхад тухайн хүмүүсийн баярын нулимс, сэтгэлийн үгийг сонсоход сэтгэл бахдам сайхан байдаг.
Би 2002 онд Солонгос улсад очоод олон сайхан хүмүүнлэгийн ажил хийдэг Олон улсын Ротари клубын Солонгос хүмүүстэй танилцсан. Тэгээд Монгол Улсдаа ирээд Туул Ротари клубыг 2004 онд үүсгэн байгуулалцаад, өнөөдрийг хүртэл олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Ротари клубынхан маань 11 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хүмүүнлэгийн ажил хийсэн байна. Эдгээр ажлаас онцолж хэлбэл, зүрхний ховдол тосгуурын цоорхойтой 314 хүүхдийг зүрхний мэс засалд оруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ олон хүүхдүүдэд шинэ зүрх, шинэ амьдрал бэлэглэж чадсан гэдгээрээ бахархдаг. Мөн агаар, орчны бохирдлоос болоод манай улсад ургийн гажиг буюу сэтэрхий уруултай, тагнай нь цоорхой хүүхдүүд маш олон төрж байна.
Эдгээр хүүхдүүдийг мэс засалд оруулах ажлыг мөн зохион байгуулсан. Түүнчлэн шар элсний нүүдлийг зогсоох төсөл хэрэгжүүлж, Солонгос Улсын 17 дүүргээс дэмжлэг аваад 2005 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос эхлээд таван аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 230 га газар мод тарьж, хүлэмж барих, худаг гаргах, бүс нутгийн хөгжлийг сайжруулах талаар олон ажил хийсэн.
-Өнгөрсөн хугацаанд 314 хүүхдийг шинэ зүрхтэй болгож, олон хүүхдийн цоорхой тагнай, сэтэрхий уруулын мэс засалд орууллаа гэлээ. Эдгээр хүүхдүүд та бүхэнд өөрсдөө ханддаг юм уу. Эсвэл та бүхэн өөрсдөө судалж байгаад сонголтоо хийж эмчилгээнд хамруулдаг юм уу?
-Бид мэргэжлийн байгууллага буюу эмнэлгүүдтэй харьцаж, төлбөрийн чадваргүй болон эмчилгээ нэн яаралтай шаардлагатай байгаа хүүхдүүдийг сонгосон. Аль болох хүн бүрт хүрч ажиллах үүднээс Эх нялхсын Эрүү нүүрний мэс заслын н.Аянга эмч, Мэс заслын тасгийн эрхлэгч н.Болормаа эмч нартайгаа хамтраад алслагдсан аймгуудын болоод нийслэлийн хүүхдүүдээ хамруулж чадсан. Бид хүүхдүүдээ Солонгос Улс руу явуулахдаа эмч нараа чадваржуулахын тулд эмч нарын багийг хамт явуулж бэлтгэсэн. Одоо манай эмч нарын баг маань хүүхдүүдэд мэс засал хийж байна. Мэс засал хийх үед нь Сөүл эмнэлгийн Ким эмч ирж, бэлтгэсэн эмч нарынхаа чадварыг ирж харж байсан. Бэлтгэгдээд ирсэн эмч нар маань маш олон хүүхдэд амьдрал бэлэглэж байгаа мэдээг сонсоход үнэхээр таатай байдаг. Шаардлага их байгаа тул бид тун удахгүй эдгээр төслөө дахин хэрэгжүүлэхээр Солонгосын Ротаричуудтайгаа ярилцаж байгаа.
-Утаа, түгжрэл, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдаг гээд олон асуудал нүүрлэж байгаагаас болж ургийн гажиг зэрэг асуудал үүсч байгаа. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэхийн тулд та дүүргийн болоод нийслэлийн хэмжээнд ямар ажлуудыг хийх ёстой гэж төлөвлөж байгаа вэ?
-Энэ чиглэлийн ажлыг би дүүргийн төвшинд хийгээд ирсэн л дээ. Тухайлбал,Солонгосын KTL, KICT байгууллагуудтай хамтраад Дамбадаржаад цэвэрлэх байгууламж барьж өгсөн. Өдөрт 80 айл, найман аж ахуйн нэгжийн 20 шоо метр усыг цэвэршүүлдэг цэвэрлэх байгууламжийг 2013 оноос хойш ажиллуулаад явж байна. Саарал усаар орчны тоосонцрыг бууруулахын тулд зам арчилгаанд ашиглах, мод ургамал услах, Сэлбэ голын урсацад нөлөөлөх талаар ажиллаж байгаа. Нийслэлийн хөрсний бохирдол 80 хувьд хүрчхээд байгаа. Гэр хороололтой ойр сургуулийн яг хажууд нь нүхэн жорлонгууд байдаг. Тиймээс хүүхдүүдийн өдөр тутамдаа ууж байгаа ус цэвэр аюулгүй байж чадахгүй байна.
Энэ хүрээнд би Солонгосчуудтай хамтраад Сүхбаатар дүүргийн гурван сургуульд үнэ төлбөргүй ус цэвэршүүлэх төхөөрөмж тавьж өгсөн. Одоог болтол бид арчилгаа үйлчилгээг нь хариуцаад хүүхдүүдээ үнэ төлбөргүй цэвэршүүлсэн ус уулгаад явж байгаа. Нийслэлд маань утаа гэхээсээ сүүлийн үед угаарын асуудал толгойн өвчин болоод байна. Тиймээс би Солонгос Улсын байгаль орчны яамтай нь хамтраад хүнсний хаягдал тосоор ажилладаг, цаас, мод, нүүрс шатаадаггүй зуух бүтээсэн. Энэ зуухыг тавьсан айл бүтэн өвлийн турш 50 мянган төгрөгөөр өвөлжих боломжтой. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлш чинь шуудай нь 3750 төгрөг гэж бодохоор нийтдээ 13 шуудай түлшний мөнгөөр л өвөлжих боломжтой гэсэн үг. Шингэн хог хаягдал буюу хүнсний хаягдал тос хөрсөнд шингэж олон төрлийн вирус үүсгэдэг. Тэгвэл энэхүү инновацийн бүтээгдэхүүн маань агаар, угаарын бохирдлыг бууруулахаас гадна орчны бохирдол буюу хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулаад айл өрхийн эдийн засагт хэмнэлтийг бий болгож өгч чадаж байгаа.
Энэхүү зуухыг 2018 онд бүтээгээд, сайжруулсаар одоо тав дахь загвар маань гарсан байгаа. Эхний ээлжид энэ зуухнаасаа 80 айлд үнэ төлбөргүй суурилуулсан. Өгөөж, Талх чихэр компаниуд төслийг маань дэмжээд хаягдал тосоо үнэ төлбөргүй нийлүүлж байгаа. Төсөл маань үргэлжилж л байгаа. Энэ жил 300 зуухыг иргэддээ тараана. Солонгосын байгаль орчны яамтайгаа хамтраад ирэх жил 1000 зуухыг хийхээр төлөвлөж байгаа.
-Ингэхэд та чинь ямар мэргэжилтэй хүн болоод зуух бүртэл зохион бүтээгээд байна вэ. Бид чинь шахмал түлшнийхээ зуухыг зөв, буруу гээд маргаж байхад, та бүр өөр технологийн дэвшилтэт бүтээл хийчихсэн байх юм?
-Товчхондоо Монгол арга ухаан гээд хэлчхэд болно доо. Монгол хүнд хийе, бүтээе гэвэл боломж байгаа. Заавал мөнгө, санхүү байна, байхгүй гэдэг асуудал биш. Санхүүг яагаад босгож болохгүй гэж. Иргэдийн оролцоог хангаад асуудлыг шийдэх боломж үргэж байдаг. Манай нийслэлчүүд өдөрт 250 мянган тонн хог хаягдал үйлдвэрлэдэг. Энэ хогийг Нарангийн энгэр, Улаанчуутын хогийн цэгт аваачаад булдаг. Тиймээс эдгээр хогийн цэгийг ангилан ялгаад, ялзмаг үүсгэх хогноос метан хий, гааз гаргаад, газнаасаа эрчим хүч гаргаж ашиглах боломжтой. Би энэ асуудлыг судалж хөөцөлдөж үзсэн. Гэтэл энэ нь төр, засгийн хэмжээнд яригдах асуудал учир ажил хэрэг болгож чадаагүй. Гэхдээ би шантарч зогсоогүй. Хог хаягдлыг яаж ангилах, хэрхэн ашиглаж болох уу гэдэг судалгаа хийж явсаар энэ хаягдал тосоор ажилладаг зуухыг бүтээсэн. Манайхан хаягдал тосоо 00-руугаа хийдэг, гэр хорооллын айлууд ч жорлон руугаа хийдэг юм билээ. Тэр халуун тос тухайн айлдаа, байрандаа бөглөрдөггүй юм гэхэд байрны гадна гараад бөглөрдөг. Тиймээс Ус суваг, цэвэрлэх байгууламжид л асуудал нь очдог гэсэн үг. Энэ мэтээр би дүүргийн хэмжээнд жижиг төвшинд асуудлыг шийдэхээр ажиллаад ирсэн. Одоо харин нийслэлийн хэмжээнд хийж бүтээхийг хүсэж байна.
-Сүхбаатар дүүрэг төвийн дүүрэг учир хамгийн их түгжирдэг дүүрэг шүү дээ. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой юм бэ. Шинээр зам бариад ч түгжрэлийг шийдэж чадахгүй байна?
-2017 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээ нь нийт 858 км хатуу хучилттай авто замтай байсан. Тэгвэл энэ замыг нэмж тавих гэхээсээ бидэнд зөв бодлого л хэрэгтэй байна. Ер нь бол шууд түгжрэл гэж ярихаасаа илүүтэй эхлээд хүн амын төвлөрөл, өсөлтийн асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод маань байнгын оршин сууж буй болон байнга ирж, очиж байдаг иргэд нийлээд 1.7 сая хүн ам амьдарч байна гэсэн судалгаа байгаа.
Тэгвэл энэ байдлаараа 2040 он хүртэл үргэлжилбэл 2.4 сая хүн Улаанбаатар хотод амьдрахаар дүр зураг харагдаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн асуудал түгжрэлд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал, Манай Сүхбаатар дүүрэгт одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургууль гэхэд төрийн 23, төрийн бус 25, цэцэрлэгийн тухайд төрийн 38, хувийн 31 цэцэрлэг байдаг. Мөн одоогийн байдлаар 150 мянга гаруй оюутан залуус суралцаж байна.Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг төв дүүрэгт байна гэдэг нь хүн амын нягтрал бий болоход том нөлөө үзүүлж байгаа юм. Энэ хүн амын хэт төвлөрөл чинь түгжрэлийн гол шалтгаан.
Тэгвэл бид энэ мэт асуудлуудад бэлтгэлтэй байж цаашид хүн амын төвлөрөлтийг задалж чадвал 10, 20 жилийн дараа түгжрэлийг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, 4-5 жилийн дараа нийслэлчүүд дугаарын хязгаарлалт хийхгүйгээр түгжрэхгүй явах боломжийг бид харж байгаа. Гэхдээ би энэ мэтээр нийслэлийн асуудлыг ярих гэхээр шийддэг бодлого гаргадаг хүмүүс нь биш байгаад байна. Нийслэлийн удирдлагууд л энэ асуудлыг оновчтой зөв шийдвэр гаргаж байж шийдэх асуудал л даа.
-Таныг Улаанбаатар хотын энэ мэт тулгамдсан асуудлыг шийдэх, шийдвэр гаргах төвшинд ажилахаар НИТХ-д нэр дэвшиж байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгэж ойлгож болно. Дүүргийн иргэд маань надад итгэл хүлээлгэж хоёр ч удаа төлөөлөгчөөр сонгож, ажиллах хугацаандаа Сүхбаатар дүүрэгтээ олон ч төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Дүүрэгтээ тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж нэлээн сайн туршлагатай болсоноос гадна иргэд маань миний хийсэн бүтээсэнийг дэмждэг. Тиймээс олж авсан туршлагадаа тулгуурлан нийслэлд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд доривтой хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.