Өнөөдрийн байдлаар гадаадын 81 улсаас 23 354 иргэнийг эх орондоо авчраад байна. Нийт 84 удаагийн тусгай нислэгээр 16 816 иргэн ирсэн. Энэ сард УОК-ын шийдвэрийн дагуу 11 удаагийн тусгай нислэг үйлдэнэ гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.
ГХЯ-наас гадаадад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг тухай бүр шинэчилж ирсэн байна. Нутаг буцах хүсэлтэй нийт 9 000 орчим иргэн байгаагаас нэн яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоог гаргаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 10 дугаар сардаа буцаж эх орондоо ирэх шаардлагатай 3 000 орчим хүн байгаагаас 2 500 орчим нь БНСУ-д байгаа юм. Мөн АНУ-д 205, Европ болон бусад бүс нутагт 490 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр ЭМЯ-нд болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Энэ сарын нислэгүүдээр урьдчилсан байдлаар 2 760 иргэнээ авч ирнэ гэж тооцож байгаа. Тэгэхээр сарын сүүлээр яаралтай нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн тоо огцом буурч татан авах ажиллагаа дуусна гэж хэлж болно. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос богино хугацааны бүх төрлийн виз олгох ажлыг зогсоосон байсан. Гэхдээ цаашид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэн шаардлагатай Монгол Улсад албаны болон бизнесийн ажлаар ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргасан. Тиймээс Монголд албаны болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан Монголд ажиллах боломжийг нээлээ. Энэ ажлыг өнөөдрөөс хилийн чанад дахь Элчин сайдын яамд мэдээлэл чиглэл өгч хэрэгжүүлж эхэлнэ. Мөн визээ 30 хоногоор сунгаж болох шийдвэр гаргалаа. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусний шинжилгээ өгсөн байх шаардлагатай" гэв.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг задгай талбайд буулгаж тусгаарлах байр руу тээвэрлэж буй горимыг энэ сарын 4-ны Нур-Султан-Улаанбаатарын нислэгээс эхлэн өөрчилжээ. Ингэхдээ онгоцонд тусгай хоолой залгаж Нисэх буудлаар дамжуулан тусгаарлах байр руу тээвэрлэж эхэлсэн байна.