Нийслэл хотыг үүсгэн байгуулсны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр” буюу дугуйн парад, тэмцээн 2020 оны энэ сарын 31-ний өдөр болно.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны оны А/1096 дугаар захирамжаар зохион байгуулах энэхүү үйл ажиллагаа нь нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох, биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилтын хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.
Дугуйн парадыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас гарч “Дүнжингарав худалдааны төвийн урд зам - Улиастай гүүрний дугуйн шинэ зам - Маршалын гүүрний уулзвар – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэсэн маршрутаар зохион байгуулна. Дугуйн параданд 16 нас хүрсэн ба түүнээс дээших бүх насны дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид оролцоно.
Моторт болон зайгаар ажилладаг дугуйнаас бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй оролцогчийг гараанд гаргахгүй юм.