УИХ, Засгийн газрын гишүүд өнөөдөр нийслэлийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийслэлийн Монгол ардын намын дарга Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн П.Анужин, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар оролцож хотын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төсөв, эрхзүйн зохицуулалтын талаар мэдээлэл сонслоо.
Шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй энэ цаг үед УИХ, Засгийн газрын гишүүд нийслэлийн ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийслэлийн удирдлагын санал, санаачилгыг тусгах асуудлаар ярилцсан юм. Мөн энэ сарын 17-нд эхлэх намрын ээлжит бус чуулганаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарсан.
Үүнтэй холбоотойгоор хот эрхзүйн шинэчлэлээ хийх, дагалдах хуулиуддаа санал оруулах талаар шуурхай ажиллах чиглэл өглөө. Өнөөдөр нийслэлд ажилласан УИХ, Засгийн газрын гишүүд хотын аж амьдралыг мэддэг хотод ажиллаж байсан туршлагатайгаас гадна нийслэлтэй нягт уялдаатай ажиллаж хотын түгжрэл, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний хомсдол зэрэг их айлын өмнө тулгамдсан олон асуудалд гарц шийдлийг олж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.