Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн энэ өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон. Өдгөө 25 дах жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим УИХ-ын гишүүн, Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Р.Дагва болон нийслэлийн удирдлагууд, улс төрийн намын төлөөлөл, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн зэрэг хүмүүс хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
1920 оноос эхлэлтэй улс төрийн хэлмэгдүүлэлтэд 37.000 гаруй хүнийг баривчлан шийтгэснээс 27.720 хүн нь буудуулж амь насаа алджээ. Өнөөдрийн байдлаар 31.314 иргэнийг цагаатгаж, 19.225 хэлмэгдсэн иргэдийн үр хүүхэд, ар гэрийнхэнд нь нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.
Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс нь 2019 онд 30, 2020 онд нийслэлийн харьяат 358 иргэнд нөхөн олговрыг олгох ажлыг зохион байгуулж байна. Цагаатгагдсан иргэдийн 80 гаруй амьд сэрүүн байгаа юм. Эдгээр иргэдийг байр орон сууцаар хангах ажлыг Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс зохион байгуулж байна.Улсын хэмжээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө талбай 31, хөшөө 79, суварга 47, самбар 29, дурсгалын багана 27, музейн булан 16 зэрэг нийт 229 объект байна.