“Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын дарга 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 51 тоот захирамжаараа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдаад уг Ажлын хэсэг нь таван чиглэл бүхий санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлснийг онцолсон.
Байнгын хорооны санал дүгнэлтэд, тус Ажлын хэсэг нь: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үр нөлөөтэй ашиглах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан институтыг чадавхжуулж, оновчтой, нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх гэсэн тодорхой 5 чиглэлээр санал, дүгнэлт гарган улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж дурдсан байв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлсний дараа “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах талаарх санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60.7 хувь нь дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж энэ хуульд нийцүүлж шинэчлэн батлах шаардлагатай бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг эрчимжүүлэх; хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх талаар салбар болон орон нутгийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг яаралтай зохион байгуулж, шаардлагатай системчлэл, загварчлал, аргачлал, гарын авлага, программаар хангахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.
Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан холбогдох журмыг 2021 оны 3 дугаар сард багтаан боловсруулж батлах, тайлбарлан таниулах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан хуулийн төслүүдийг хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог сайжруулах, хариуцсан байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, чиг үүрэг болон тогтолцооны дотоод үйл ажиллагааг хангах хүчин зүйлийг оновчтой тогтоож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд бүтцүүдийн хоорондын хамаарал, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг тодорхойлон, төрийн захиргааны төв байгууллага байгуулах талаарх зураглал гарган, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхийг Засгийн газарт тус тус даалгахаар тусгасан байв.
Ийнхүү уг тогтоолын төслийг баталснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.