УОК-ын шийдвэрийн дагуу аймаг, орон нутгаас Улаанбаатарт ирээд гацсан иргэдийг зохион байгуулалттай татан авах ажиллагааг энэ сарын 27-ны 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Коронавируст халдвар нийслэлд голомтлон тархаж байгаатай холбогдуулан орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Харин аймаг, орон нутгийн онцгой комиссоос халдварын голомттой бүсээс шинжилгээнд хамрагдсан иргэдээ зохих журмын дагуу нэгдсэн зохион байгуулалттай татан авч байсан юм.
Гэвч Улаанбаатар хотоос Ховд аймаг руу өнөөдөр татан авсан 205 иргэний хоёрынх нь коронавирусний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарлаа. Уг сэжигтэй тохиолдлын хариуг PCR шинжилгээгээр баталгаажуулахаар, ХӨСҮТ рүү сорьцыг илгээжээ.
Ташрамд дурдахад, 21 аймаг, тэр дундаа халдвар гарч байсан аймгууд дахь голомтыг хумиснаас хойш коронавирусний батлагдсан тохиолдол гараагүй, эрүүл бүс хэвээр байгаа бөгөөд нийслэлд нийт 827 тохиолдол бүртгэгдээд байна.