Засаг дарга Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашид хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого чиглэлд нийцэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Харин Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт оруулан, төсөл хөтөлбөрүүдийн хамрах хүрээг өргөжүүлж хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар лифт ОНӨТҮГ нь Беларусийн "Могилёвлифтмаш" ХХК-тай хамтран ажиллаж "Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх төсөл"-ийн эхлэлийг тавиад байгаа юм.

Талууд Улаанбаатар, Минск хотуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлж шинэ шатанд гаргахын тулд Ах дүү хотуудын найрамдалт харилцааны түвшинд хүргэхээр харилцан тохиролцов. Цаашдын харилцааг идэвхжүүлэх ажлын хүрээнд хотын удирдлагуудын харилцан айлчлалыг зохион байгуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, мэдээллийн технологи, инноваци, хот тохижилт гэх мэт чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулан мэргэшил дээшлүүлэх тал дээр харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар боллоо.

Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.