Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ.
Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудад санал, хүсэлтээ илгээсэн билээ.
Улмаар УОК-оос гамшгийн үнэлгээ хийж, Засгийн газар тогтоол гарган Баянхонгор аймагт л гэхэд 480 тонн өвс, 450 тонн тэжээлийг үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хуваарилсан нь малчдад тараагдаад дуусчээ.
Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нутагтаа байгаа болон өөр аймгийн нутагт отроор явж буй малчин өрх бүрд 300,000 төгрөгийн хүчит тэжээлээр тусалж байгаа юм. Энэ тусламжийн хүрээнд Баянхонгор аймгийн 12,011 өрхөд 3,113 тонн тэжээл хуваарилагдсаны 477 тонн нь аймаг очоод байгаа аж.
Түүнчлэн МУЗН-ээс 240 өрхөд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 264 өрхөд малын тэжээл өгсөн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн ахмад настнууд, малчин 14,000 өрхөд зориулж, 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 7,000 ширхэг цай, нийт 400 тонн хүнс, тэжээл авчирснаа гардуулан өгөв. Мөн 100,000 ширхэг маскийг аймгийн Онцгой комисст өглөө.
Аймгийн төвийн иргэд малчдын нэг настай 10 мянга гаруй малыг тэжээж, онд оруулж байна. Эдгээр малыг албан байгууллагууд 50-100-гаар нь хуваан авч, ажилтнууд ээлжээр маллаж байгаа аж. Түүнчлэн гидропоник аргаар, хөрсгүй технологиор бэлтгэсэн улаан буудайн соёолжийг сум, албан байгууллага, айл өрхүүд тариалж, малдаа өгч байгаа юм байна. Энэ ажилд “NNCC” ХХК-ийн захирал, тус аймагт хэрэгжиж буй “Энх Монгол зоригт” төслийн удирдагч, агрономич З.Чулуунцэцэг арга зүйгээр тусалж, сургалт явуулан, дадлагажуулснаас гадна аймгийн төвд хүлэмжийн тариалалт эрхэлж, одоогоор 19 тонн тэжээл бэлтгэн нийлүүлээд байна.
Энэ аргаар 5тав хоног ургуулсан тэжээлээр 20 хоног тэжээсэн мал 7-10 кг таргалж байгаа аж.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон холбогдох ажилтнууд энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрийнхөө талаар танилцуулав. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд ингэний сүү, сайжруулсан түлш үйлдвэрлэх, малын тэжээл, хүнсний ногооны кластер үйлдвэрлэл эрхлэх, шинэ суурьшлын бүс байгуулах, Шаргалжуутын рашаан сувиллыг шинэчлэн хөгжүүлэх зэрэг олон төслийг аймгийн захиргаатайгаа хамтран хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.