Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ.
Улсын аварга О.Хангай сүүлийн 10 жилд сар шинийн барилдаанд дараалан түрүүлсэн анхны бөх болж байна. Түүнээс өмнө дархан аварга Г.Өсөхбаяр дараалан түрүүлсэн билээ. Тэрбээр 2004, 2005 оны сар шинийн барилдаанд дараалан түрүү бөхөөр тодорсон түүхтэй. Энэхүү амжилтыг О.Хангай аварга 20 жилийн дараа давтаж байгаа бөгөөд 2014 онд анх аймгийн арслан цолтойгоор сар шинийн барилдаанд үзүүрлэснээс хойш дөрвөн удаа түрүү, үзүүр булаалдаж байгаа нь энэ. Ингэхдээ хоёр түрүүлж, хоёр үзүүрлэв. Түүнчлэн усан туулай жилийн барилдаанд их шөвөгт шалгарсан юм.
Харин улсын заан М.Лхагвагэрэл туулай жилийн барилдаанд дөрөвт үлдэж байсан бол энэ удаа үзүүрлэлээ. Тэгвэл шөвгийн дөрөвт Хэнтийн аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр шалгарлаа. Тэд сар шинийн барилдаанд анх удаа их шөвөгт шалгарав. Дунд шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Б.Бат-Өлзий, С.Сүхбат, начин Э.Батмагнай нар үлдсэн юм.
Энэхүү барилдааны үеэр “Улаанбаатар хивс” компаниас “Цахиур хагалах бөхийн шагнал”-ыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож олгосон юм.



