Сайжруулсан шахмал түлш тортог, эвгүй үнэр ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдлыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөны үеэр хэлэлцээд, дээж авч шинжлүүлэхийг Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НМХГ-т даалгалаа.
Цахимаар болсон тус хуралдаанаар пүрэв гарагаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх ажлын бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэв.
Ж.Сандагсүрэн “Хөл хориог зохион байгуулах ажилд НЗДТГ-ын харьяа газар, агентлаг хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай. Хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, дахин ийм арга хэмжээ авах нөхцөл үүсгэхгүй байх ёстой” гэв.
Хөл хорионы үеэр нийслэлийн 412 мянган өрхийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар бэлтгэж байна. Төрийн 70 мянган албан хаагч өнөөдрөөс шинжилгээнд хамрагдах бөгөөд тэдний ар гэрийнхэн сар шинийн өдрүүдээр шинжилгээ өгөх шаардлагагүй аж.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, шар усны үер, булаг, хөрсний усны халиа, далан сувгийн цэвэрлэгээг зохион байгуулах үүргийг ЗАА, Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Засаг дарга нарт өглөө.