Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 122 хүнээс коронавирус илэрлээ.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораторид нийт 9410 хүнд шинжилгээ хийжээ.
Ингэснээр манай улсад "COVID-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 4083, дотоодод халдвар авсан хүний тоо 3551, Улаанбаатар хотын нийт өвчлөл 3203 болж байна.
Улаанбаатар хотод шинээр 118, Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр, Төв аймгийн Зуун мод суманд нэг тохиолдол тус тус илэрчээ. Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээ халдвартай гарчээ.
Сүүлийн 24 цагт 30 хүн эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3031 болов. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв, Завхан, Төв аймагт нийт 973 хүн эмчлүүлж байгаагаас 900 хүний биеийн байдал хөнгөн, 65 хүн хүндэвтэр, 6 хүн хүнд, 2 хүн нэн хүнд байдалтай байна.