УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг хэлэлцэн санал дүгнэлтээ боловсруулна.

Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдах бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Тус байнгын хорооны даргыг томилох тухай, СЕХ-ноос ирүүлсэн саналыг хэлэлцэх юм байна.

Хуралдаанд гишүүд УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцох аж.