ОБЕГ-аас хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, тамхины гал цог, үнс нурмыг бүрэн унтрааж, халуун үнс, нурмыг таглаатай саванд хийх, хашааны өнжмөл өвс шатаахгүй байхыг анхааруулав.
Нийслэлд өнгөрсөн онд 1813 удаа гал түймрийн дуудлага бүртгэгдсэний 13,5 хувь буюу 245 нь шар өвс шатааснаас үүджээ. Шар өвс шатаасны улмаас нийслэл орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн 18 байшин, 4 гэр, 41 хашаа шатсан аж.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээр энэ оны гурав, дөрөвдүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 градусаар илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилт их байх төлөвтэй гэжээ.