АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “АН-ын даргыг сонгох сонгуульт ажиллагаа долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Нэр дэвшигчид Архангай, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүргийн гишүүд сонгогчтой цахимаар уулзалт зохион байгуулсан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн мөрийн хөтөлбөр, зорилго, шийдлээ танилцуулж байна. Энэ сарын 21-нээс эхлэн дөрвөн нэр дэвшигчид бодлогын халз мэтгэлзээнийг хийнэ.
АН-ын дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн сонгуулийн хуудас хэвлэгдэн гарч, бүх аймаг, дүүрэгт хүргэгдсэн. Өнөөдрөөс эхлээд бүх сумдад саналын хуудас хүргэгдэх болно. АН-ын гишүүд маань дотоод сонгуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг АН-ын сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах, буруу ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байгаа. Тухайлбал, АН-ын нэр дэвшигчдийг өнөөдөр бүртгэж байна гэх ташаа мэдээлэл тараасан.
АН-ын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 4-5-ны өдөр бүртгэсэн. Энэ сарын 26 хүртэл дөрвөн нэр дэвшигч сурталчилгаагаа явуулна. Үүний дараа 28-ны өдөр Намын даргад нэр дэвшигчээ тодруулна. Шинээр дахин хэн нэг нэр дэвшигчийг бүртгэж авна гэсэн ойлголт байхгүй ээ. Кампанит ажил эхлээд долоо хоночихсон. Тиймээс дундаас нь хүн нэмж оролцуулах бололцоо байхгүй. Санал асуулга цахим хэлбэрээр явахгүй. Бүх санал цаасан хэлбэрээр явна гэж” мэдэгдлээ. Сэтгүүлчдийн тухайд нам хоёр хуваагдсан зөрчил маргаан хэзээ дуусах вэ гэдгийг асуусан юм.
Тэгвэл энэ асуултад И.Мөнхжаргал дарга хариулахдаа "Би олон удаа энэ асуултад хариулт өгч байна. АН бол нэг дүрэмтэй, нэг нам. Бодлого шийдвэрийн хувьд хоёр зөрүүтэй шийдвэр гаргаж байгаа хуучин удирдлагуудын зөрчил байгаа нь нийгэмд буруу ташаа ойлголт явуулж байна. Санаатай, санаандгүй байдлаар намын даргын кампанит ажлыг сарниулах мэдээллийг хэвлэлд хүргэж байгаа юм. ДоСХ-г хэн нэг Намын даргаас үл хамааран намын Их хурлаар томилдог. Бид Их хурлаар томилогдсон хороо учраас хэн дарга байхаас үл хамааран дүрмийн хүрээндээ Намын даргын сунгаагаа зохион байгуулж байна. Дахин нэг сонгуулийн хороо гэсэн тоглоомын хороо байгуулж, намын гишүүдийг үймүүлж байгаад харамсаж байна. Гэхдээ сунгаа явдгаараа явна" гэсэн хариулт өглөө.