АН-ын даргад нэр дэвшигчид энэ сарын 21, 23, 25-ны өдрүүдэд намын шинэчлэл болон улс орны хөгжил дэвшлийн төлөө хийх ажлынхаа талаар бодлогын халз мэтгэлцээн зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр орой анхны мэтгэлцээнийг зохион байгуулав. Намын даргад нэр дэвшигч Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, О.Амартүвшин нарын оролцсон бодлогын халз МЭТГЭЛЦЭЭНЭЭС онцлох ишлэлийг уншигч танд хүргэж байна
Нэр дэвшигч О.ЦОГТГЭРЭЛ: Нээлттэй нийгэмд ардчилал оршдог
-АН сөрөг хүчний үүргээ хангалтгүй биелүүлж байна. Цаашдаа бид нэгдмэл нэг удирдлагатай, нэг зохион байгуулалттай байх ёстой. Ингэсэн цагт СӨРӨГ хүчний үүргээ нэгдмэл удирдлагаар биелүүлж чадна.
-Өнгөрсөн 30 жилийн түүхэнд АН дангаараа засгийн эрх барьж байгаагүй. Хамтарсан байдлаар ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн түүхийн дийлэнх нь МАН буюу зүүн төвийн үзэл баримтлалтай намтай холбоотой. Тиймээс өнөөдөр ямар нийгэмд амьдарч байна вэ гэдгээ өөрсдөөсөө асуух цаг ирсэн. Шууд хэлэхэд, уул уурхайд тулгуурласан социалист нийгмийг бүтээж байна.
-XXI зууныг Монгол Улс капитализмын нийгэм гэж зарласан. Тэгвэл эрх баригчид халамжийн капитализмыг бүтээж байна.
-Хувь эрх чөлөө, чөлөөт зах зээл, эдийн засгийн харилцаа руугаа зоригтой алхам хийхгүй, АН өөрийнхөө үүрэг оролцоо, нөлөөллийг үзүүлэхгүй бол ард түмний ирээдүй бүрхэг болсон.
-АН 1990 оны үзэл баримтлал руугаа эргээд очих хэрэгтэй. Тэр үеэс эхлээд Монгол Улсын эдийн засаг маш эрчимтэй хөгжсөн.
-Дэлхий нийтэд ардчилал, ардчилсан үзэл санаа сорилтод орсон. Мэдээлэл технологийн хэт их хөгжил ардчиллыг сорилтод оруулж байгаа. Хүч тэнцвэргүйтэж эхэлсэн.
-Явуулж байгаа бодлого нь уялдаагүй. Эрүүл мэнд чухал эдийн засаг хамаагүй байсан. Гэвч одоо эдийн засаг чухал эрүүл мэнд хамаагүй болсон. Эрх баригчдын халдварын эсрэг барьж байгаа бодлого унасан.
-Монгол Улсын эдийн засагт нэгхэн жилийн дотор 4 их наядын уналт гарсан. Тэгвэл Монгол Улсын насанд хүрсэн 2 сая иргэнийг вакцинд хамруулахын тулд дунджаар 100 тэрбум төгрөгийг төсөвт суулгаад зарцуулах боломж байсан. Эрх баригчдын алдагдсан боломжийн нийт өртөг нь 4 их наяд байна.
-Вакцинжуулалтад хувийн хэвшлийг татан оруулах байсан. Тэдэнд боломжийг олгох ёстой.
-Хууль хяналтын байгууллага, шүүх тогтолцоо нь эрх баригч намын халаасанд багтлаа. Хэт их нэг талын барьж байгаа нь Монгол Улсад асар их ухралтыг авчирлаа.
-Эдийн засаг сүүлийн арван жилд нэг байрандаа зогсчихсон.
-АН-ыг төлөвшиж чадаагүй гэдэгт санал нийлэхгүй. АН өнгөрсөн 30 жилд Монголд түүхэн гавьяаг авчирсан. Бид ардчиллыг өмчлөхгүй. Гэвч өнөөдөр бол хөгжлийн процесстойгоо нүүр тулж байна гэж хэлнэ.
-АН-ын даргаар сонгогдож ажиллавал хамгийн түрүүнд маш хурдан гадагшаа гарах ёстой. Учир нь нээлттэй нийгэмд ардчилал оршдог.
С.ЭРДЭНЭБОЛД: Нэг намын ноёрхолыг зогсоохын тулд АН иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой
-Хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёс болон үндэснийхээ эрх чөлөөг хамгаалахын төлөө зогсдог нам бол АН. Гэтэл сөрөг хүчин гэхээр зөвхөн эрх баригч нарыг хянадаг бус дээрх таван эрх чөлөөний төлөө зогсож чадаж байна уу гэдгээ өөрсдөөсөө асуух цаг болсон. Нэг хүний ноёрхол бус дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг нам болох ёстой.
-Энэ цаг үед Монгол Улсад хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй байна. Тиймээс АН өнөөдрийн шинэчлэлийг эхлүүлж байгаа.
-Эв нэгдлийг хангахын тулд намын шинэ дүрмийг хамтын удирдлагын тогтолцоонд суурилж тогтооно.
-АН нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, үндсэн хуульт ардчиллаа бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, чөлөөт засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан, тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна.
-Ардчилал гэдэг үнэт зүйлээ хамгаалахын төлөө бид бодлогын нам болох ёстой. Тэгэхгүй бол сүүлийн жилүүдэд популизм, хоосон хийрэл маш их газар авч байна.
-Хуулийн засаглал болон шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдарсан. Олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тавьж байна.
-НҮБ-аас халдвараас сэргийлэх зорилгыг тавьж байгаа. Тиймээс дэлхийн улс орнуудыг яаралтай вакцинжуулах ажиллагааг өрнүүлж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд вакцины зардлыг төсөвт тусгаагүй. Вакцинжуулах ажиллагаа маш удаан байна. Хандивын мөнгөний зарцуулалт тодорхойгүй. Олон төрлийн вакцинжуулалт нь иргэдийг төөрөгдөлд оруулж байна.
-АН-ын сэргэлтийн цэг нь ардчиллыг өмчилдөг бус ард түмэндээ түгээдэг нам болохоос эхэлнэ.
-Хөл хорионы зэрэглэлийг тодорхой болгох ёстой. Ерөнхий сайд УОК-ыг толгойлох ажиллах хэрэгтэй. Төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай.
-Нэг намын ноёрхолыг зогсоохын тулд АН иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой.
-Намууд өөрсдөө бодлогын институт болж, судалгаанд суурилсан шийдвэрийг гаргах ёстой.
-АН-ын зөрчил ард түмнийхээ өмнө нээлттэй байдаг. МАН-ынханд энэ бүү хэл булхай, луйвар бий. Тиймээс АН-ыг төлөвшөөгүй гэж хэлж чадахгүй. АН Монголд маш их бүтээн байгуулалт, шинэчлэлийг авчирсан.
-Миний хувьд шууд таван алхам хийнэ. Даргын бус хамтын удирдлагын тогтолцоо руу эргэлт буцалтгүй орно. АН-ын цахим шилэн хуудсыг нээнэ. 2024 оны ялалтын хөтөлбөрийг зарлана. Бодлогын мэтгэлцээнийг өрнүүлнэ.
О.АМАРТҮВШИН: Ардчилсан нам ардчилалгүй болсон
-Бид бүтэн жил гаруйн хугацаанд хатуу хөл хорионы нөхцөлд ажиллаж, амьдарлаа. 140 мянган аж ахуйн нэгж бий.Тэдний 95 гаруй хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тиймээс бизнесийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зээлийг ирэх есдүгээр сараас өмнө арга хэмжээ авах ёстой. Төрийн бодлого бизнесийн салбарт хоцрогдож арга хэмжээ авч байна.
-Монголд ардчилал аюулд орсон. Цаашид ийм байдлыг давтуулахгүйн тулд бодлогын нам болох ёстой. Иргэд, гишүүдэдээ хандсан бодлогыг тууштай гаргаж тавих шаардлагатай юм.
-Улс төрийн зорилгоор олсон мөнгийг оффшорт хадгалахыг хуулиар хориглодог. Улс орнууд өөр, өөрийн арга хэмжээг авч ажиллаж байгаа. Манайх ч гэсэн хуулийн хугацаа зарлаад арга хэмжээ авсан. Гэхдээ сөрөг хүчингүй, нэг нам давамгайлсан үед тэмцэхэд учир дутагдалтай байна.
-Ардчилсан нам ардчилалгүй болсон. Цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө ажилладаг нам болсон. Саналыг мөнгөөр худалддаг болсон. Ялагдлын шалтгаан ердөө энэ.
-Ардчиллыг бид өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. Жирийн иргэндээ хүртэл ардчиллын суурь зарчим үйлчилдэг байх ёстой юм.
-Бидний ялагдсан шалтгаан нь дотоод зөрчилдөөн, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр, дэнчингийн мөнгө байлаа. Үүнээс болж сонгуульд ялагдсан. Эрх баригчдын хүчтэй өрсөлдөгч байж чадаагүй нь МАН-д боломж олгосон. Түүнээс МАН сайндаа ч ялалт байгуулаагүй. Тэд ч гэсэн өнгөрсөн дөрвөн жилд хангалтгүй ажилласан.
-Алдаагаа дотроосоо хайх ёстой. Бодлогын нам болж чадсан цагт сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлнэ. Ард түмнийхээ итгэлийг ч хүлээнэ.
-Улс төрийн намын үндсэн зорилго бол улс орноо болон ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэнэ. Гэтэл бид дарга тойрсон асуудлыг хөндөж байна. Тиймээс бодлогын өрсөлдөөнийг бий болгож, ажиллах ёстой.
-Нийгмийн бүхий л асуудлыг төр өөрөө зохицуулах гэж оролдож байна. Бид асуудлаа том зургаар нь харж чадахгүй байгаа. Тиймээс бид хөгжих бус ухарч байна.
Д.ПҮРЭВДАВАА: Дүрмийн алдаанаас болж, дарга төвтэй нам болсон
-Өнгөрсөн онд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа дэмжих бага хүүтэй зээлийн хүсэлтийг эрх баригчдад тавьж байсан. Харин энэ удаад Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотой бага хүүтэй зээлийг аж ахуйн нэгжид санал болгож байна.
-МАН өнгөрсөн 30 жилийн хугацаанд өөрсдийн давуу байдлаа бататгаж ирлээ. УИХ-ын 80 хувь, засаглалыг 100 хувь бүрдүүлж байна. Харин бусад намын нэгдэн, нийлэх үйл ажиллагааг боож, хааж байгаа. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн жишээнээс харж болно. Нам төвтэй төрийг эрх баригчид бүтээж байна.
-МАН оффшортой тэмцэж чадахгүй. Тус намын лидерүүд оффшортой. Тэдэнд хариуцлага тооцож чадахгүй байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэйг тодотгож байна.
-Манай намд дотоод ардчилал байхгүй. Тухайлбал, 1990 оноос МАХН-тай тэмцэж байхад дотоод ардчилалтай байсан. Харин хөгжлийн явцад алдагдсан. Ардчилал ярихын тулд тэгш эрх, тунгалаг байдал бодит жишээ байх ёстой.
-Бүтцийн өөрчлөлтийг яаралтай хийж, дарга төвтэй намаа хамтын шийдвэр гаргадаг нийтийн болгох ёстой.
-Дүрмийн алдаанаас болж, дарга төвтэй нам болсон. Дүрмээрээ даргаа тахин шүтдэг хэлбэрийг бий болгосон. Энэ нь дарга төвтэй бүтцийг болгосон. Хэрвээ би даргаар сонгогдоод хангалтгүй ажиллах юм бол тайлангаа тавиад хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгоно.
-Ёс зүйн болон төрийн өндөр албан тушаалтны хувьд ч гэсэн оффшор бүсэд мөнгөтэй байж болохгүй. Үүнтэй тэмцэхийн тулд хууль хяналтын байгууллагыг улс төрөөс хараат байлгах ёстой.
-АН бодлогын нам байсан үе бий. Нийгэмд ажилгүйдэл, ядуурал их байна. Төсөвт 72 төрлийн халамжийг олгож байна. Цар тахлын үеэр олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Тиймээс сөрөг хүчний буруутай үйлдэл бүрт хяналт тавих ёстой. Дотоод зөрчилдөөнөөс илүү эв нэгдлийг хангасан бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулдаг нам байх ёстой юм.