Хилийн Шивээхүрэн боомтын ажилчид, ачаа тээврийн жолооч нарыг өчигдрөөс эхлэн "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж байна.
Боомтод нэвтрэх бүх хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахаас гадна БНХАУ-ын талаас PCR шинжилгээ авч буйтай холбоотойгоор жолооч нараас 7 хоногт 3 удаа PCR шинжилгээ авч байна. Тус боомт коронавируст халдвараас сэргийлэх зорилгоор шалган нэвтрүүлэх 10 хэсгийг нэмэлтээр гаргажээ. Ингэснээр тээврийн жолооч нарын бүртгэлжүүлэх, шинжилгээ авах, түр байршуулах зэрэг боломжийг цогцоор бүрдүүлжээ.
Тус боомтод "Ногоон бүс"-ийн шуурхай штаб байгуулж, боомтын болон уул уурхай, суурьшлын бүсэд халдвартай хүн оруулахгүй байх талаар олон талын арга хэмжээг авч байна. Юуны өмнө боомт руу орох хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн жолооч нарыг оруулж байна. Уул уурхайн бүс рүү орж байгаа хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор 10 пост ажиллаж байна. Ингэснээр шинээр тээвэрлэлтэд орох жолооч нарыг тусгаарлах байранд байрлуулж 7 хоног ажиглан тээвэрлэлтэд явуулж байхаар зохион байгуулжээ. Ингэх бүрт түргэн оношлуураар "COVID-19"-ийн халдварыг илрүүлэх шинжилгээ авч байна.