Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 15 дахь өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакэйшотой учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр хаяж, 12 даваатай, Озэки цолоо эргүүлж авсан төдийгүй Харү башёд түрүүлж Японы Эзэн хааны цомыг 3 дахь удаагаа хүртлээ.
Тэрбээр гэмтэл, бэртлийн улмаас Жонидан зиндаа хүртэл чансаа буурсан хэдий ч монгол хүний зориг, сэтгэл хат, тэвчээрийг харуулж тууштай барилдсаар Макүүчи буюу дээд зиндаанд гарч ирж чадсан. Ингээд даваа, чансаагаа ахиулсаар Магэашира, Сэкиваке, Комүсүби цолонд хүрч, улмаар 2 жилийн дотор Озэки цолоо буцаан авч, түрүү бөхөөр тодорлоо. Түүнийг Ёкозүна буюу Их аварга цол авах бүрэн боломж байгаа гэж сумогийн мэргэжилтнүүд онцолж байна.
Харү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд 9 даваатай явсан Озэки Асанояама, Озэки Шодайг уватэнаге мэхээр давснаар 10 даваатай болов. Мөн өнөөдөр 10 даваатай яваа Аойяама/М-12/, Комүсүби Такаясүг хатакикоми мэхээр хаяж, 11 даваатай башёг дуусгаж, дараагийн башёд чансаа ахиж барилдахаар болов.