Нийслэлд нөөцийн мах худалдаж эхэллээ.
Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор ХХААХҮЯ 17 ААН-тэй мах бэлтгэх гэрээ хийснээс нийт 11 мянга гаруй тонн махны нөөцийг бүрдүүлээд байна. “Баатрууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут импекс”, “Цэц манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ. Нөөцийн махыг хүнсний 400 гаруй дэлгүүрт худалдаж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Энэ жил "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн онд худалдаж байсан үнээр буюу хонины ястай махыг кг нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны махыг кг-ыг нь 6200 төгрөгөөр борлуулж байна.
Хүнсний стандартын шаардлагыг хангасан мах бэлтгэсэн. Худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хянан ажиллаж байгааг мэдээллээ. Иргэд нөөцийн мах худалдан авахдаа НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авахыг ШӨХТГ болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сануулж байна.
Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх суурилсан хүчин чадалтай ажиллаж байна.