Монгол охидын U-23 баг дэлхийн чансааг тэргүүлжээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос 2021 оны 4 дүгээр сарын 7-ны байдлаар 3х3 сагсан бөмбөгийн чансааг шинэчлэн гаргасан байна.

Үндэсний холбоо, эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг, U-23 буюу 23 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй, U-18 эрэгтэй, эмэгтэй гэсэн 7 ангилалд чансааг зарлажээ.

Монголын U-23 эмэгтэй баг дэлхийн чансааг тэргүүлж, U-23 эрэгтэй баг 3 дугаарт, эмэгтэй шигшээ баг 8 дугаарт, эрэгтэй шигшээ баг 9 дүгээрт, харин U-18 ангилалд эмэгтэй баг 9 дүгээрт, эрэгтэй баг 54 дүгээрт эрэмбэлэгджээ. Мөн эдгээр ангиллын нийлбэр буюу Холбооны /Улс/ ангилалд Монгол 7 дугаарт бичигдсэн талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээлж байна.

Ташрамд дуулгахад, 3х3 сагсан бөмбөгийн төрөл “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бөгөөд Монголын эмэгтэй баг олимпод оролцох эрхээ өвөртөлсөн бол эрэгтэй баг тавдугаар сарын 26-30-нд Австрийн Грац хотноо болох олимпын эрх олгох /20 баг/ тэмцээнд оролцож, медальт байрт шалгарвал Токиог зорих эрхтэй болох юм.

Харин энэ тэмцээнээс эрхээ аваагүй тохиолдолд 6 дугаар сард Унгарын Будапешт хотноо болох шилдэг зургаан багийн тэмцээнд /манай эрэгтэй баг шилдэг зургаад оролцохоор шалгарсан/ түрүүлж байж олимпын эрх өвөртлөх болзолтой аж.