Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-ны дүрмийн 21.10-д заасны дагуу МҮОХ-ны орон тооны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон хэрэгжүүлнэ.
Ч.Наранбаатар нь нийслэлийн 5 дугаар дунд сургууль, Монгол Улсын багшийн их сургууль, Германы Залуучуудын дээд курсыг тус тус дүүргэсэн. Тэрбээр 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол Улсын спортын мастер цол хүртсэн. Мөн 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг, 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол хамгаалсан.
Ажилласан байдлыг танилцуулахад, 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга, 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан. Мөн Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч юм.
Ч.Наранбаатар 2020 оны 8 дугаар сард МҮОХ-ны ээлжит бус хурлаар гурван нэр дэвшигчээс Ч.Наранбаатар 57.2 хувийн саналаар МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.