Х.Булгаа: Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан явах байтал иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна

Нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байгаа. Гэвч автобус хүрэлцээгүйгээс хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай барих боломжгүй болсон талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ?

-Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад зориулан тусгай тээвэрлэлтийн үйлчилгээг тусгай цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 15 чиг үүргийн байгууллагын албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлэх зохион байгуулалттай. Энэ хүрээнд бид гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргасан. Өнөөдрийн хувьд ачаалал үүссэн шалтгаан нь өглөөний нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Энэ нь зорчих ёстой иргэд биш, зорчих ёсгүй иргэд нийтийн тээврээр зорчиж, ачаалал үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болж, төлөвлөсний дагуу хүн хоорондын зай барих боломж алдагдсан. Гэхдээ энэ нь бүх чиглэлд ийм байсан гэсэн үг биш. Тодорхой чиглэлд буюу төв замаар явдаг, захын хорооллоос төв рүү явдаг чиглэлд ийм асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор бид тухай бүрд нь зорчигчын мэдээлэл авч, шуурхай зохион байгуулалт хийж, нэмэлтээр тээврийн хэрэгсэл гаргаж, ачааллыг сийрүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон энэ үед нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хөл хориотой холбоотойгоор бид урьдчилан мэдэгдэл, албан бичиг хүргүүлсэн. Мөн авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагч нар нийтийн тээврийн зогсоол дээр хяналт, шалгалт хийж, ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа эсэхийг шалгаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө бариул, сандал гэх мэт иргэдийн хүрэлцдэг хэсэгт ариутгал хийж байгаа. Мөн өдөр болон үдээс хойш үйлчилгээнд яваагүй үед нь бааз дээр болон эцсийн зогсоол дээр ариутгалын бодисоор ариутгал хийж байна. Түүнчлэн орой шугамаас буусан бүх автобусанд иж бүрэн цэвэрлэгээ, угаалга хийж, өглөөний үйлчилгээнд бэлдэж байгаа. Зарим байгууллага мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй газруудаар ариутгал, халдваргүйтгэлийг бааз дээрээ хуваарийн дагуу хийж байна.