Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт батлагдсан төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс аудит хийж эхэллээ.
Тус сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 3-5-нд багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т “Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заасан байдаг.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүх өрсөлдөхөөр болсон. Харин О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр ёсчлон батламжлаад байна. Мөн "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат өрсөлдөхөөр болоод байгаа билээ.