Б.Жавхлан: Вакцинд хамрагдаагүй иргэдэд нийгмийн халамж олгохгүй

Халамж авдаг иргэд вакцинд хамрагдахгүй бол ирэх сард нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхгүйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Учир нь Улаанбаатар хотод төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн бий. Өчигдөрийн байдлаар тэдний 80 мянган иргэн вакцинд хамрагдаагүй байна. Мөн хүнсний талон авдаг, насанд хүрсэн 47 мянган иргэнээс 29 мянга нь вакцинд хамрагдаагүй байгаа аж.

Түүнчлэн, вакциныхаа хоёр дахь тунг хийлгэсэн иргэдийн дархлааг сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулах багцыг бэлэн мөнгөөр тооцож олгоно. Иймд нийслэлийн иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд хайртай бүхнийхээ төлөө нэг өдөр, нэг цагийн өмнө ч вакциндаа хамрагдах шаардлагатайг Сангийн сайд онцоллоо.

Нийслэлд өдөрт 60 хүртэл мянган иргэн вакцинд хамрагдаж байсан бол идэвх эрс суларч өчигдөр гэхэд 40 мянган иргэн хамрагдсан нь бага тоо гэдгийг Б.Жавхлан дурдаад, “Вакциныг хэдийгээр сайн дурын үндсэн дээр хийж байгаа ч вакцинд хамрагдаагүй иргэдийнхээ өмнөөс нийгэм эрсдэлд орж болохгүй. Манай улсын эдийн засаг тэлж өдөрт 100 тэрбум төгрөгийн ДНБ үйлдвэрлэснээр 40 их наяд төгрөгт хүрсэн. Харин хөл хорионы үед боломжийнхоо 50 хувь, жирийн үед 10-20 хувийг алдаж байна. Эдийн засгаа сэргээхийн тулд вакциныхаа үр шимийг хүртэж, энэ оны хагас гэхэд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэж найдаж байна” хэмээв.