Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоогоогүй салбарын алба хаагчдад үйлчлэх зохицуулалт хийсэн. Энэ дагуу зөвшөөрөгдсөн 15 аж ахуй нэгжийн алба хаагчдад 300 гаруй автобус үйлчилгээнд явж эхэлсэн юм. Гэвч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байсантай холбоотойгоор автобусны тоог гурав дахин нэмж, өдөрт 1100 орчим нийтийн тээврийн хэрэгслийг явуулж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус бүртгэлтэй үйлчилгээнд явдаг. Үүнээс 1100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 орчим автобус засвар, үйлчилгээгээ хийлгэн, бэлтгэл байдлыг хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт юм.
Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байгаа юм.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, суурин болон явуулын цэгээр өргөтгөн зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг тээвэрлэх, дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, бэлтгэлийг ханган иргэдэд үйлчилж байна.