Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь, Дорноговь аймгийг ногоон бүс болгож, экспортын урсгалаа нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллалаа. 2021 оны 05 дугаар сарын 07-ны байдлаарнүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байна.

Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Цар тахлын байдалтай холбогдуулан улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыгдархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгааг салбарын сайд танилцууллаа.

Засгийн газар экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тухайлбал PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэсэн. Дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дурдав. Цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгов. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна.

Ерөнхий сайд мөн өдөр Гашуунсухайт боомтод ажиллалаа. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 67 мянга гаруй тээврийн хэрэгсэл /54,500, зэсийн баяжмал 9,002, бараа материал 4,200 гаруй/-г улсын хилээр нэвтэрсэн байна. Цаашид боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон бүс гарц” түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавилаа. Эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.