Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар зун, намрын отор нүүдэл хийх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хадлан бэлтгэж аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж аймгуудад олгохоор болсон байна.
Мөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч, холбогдох газруудтай гэрээ байгуулан ажиллахыг салбарын сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн малын гоц халдварт өвчин, хортон мэрэгч, шавжтай тэмцэх, отор хийх нутагт шинээр худаг гаргах, малчдад үзүүлэх тусламж, үйлчилгээ, хадлан тэжээл, ургац хураалтын үеийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.
Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 хувьд нь бэлчээрийн ургамал сайн ургасан бол 70 хувьд дунд, 10 хувьд муу байна. Одоогоор улсын хэмжээнд 517 мянган га-д тариалалт, үүнээс 25 мянга гаруй га-д тэжээлийн ургамал тариалжээ.