Шинээр 349 хүнээс коронавирус илэрч, 7 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 349 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 343 нь дотоодын халдвар бол нийслэлд 318, хөдөө орон нутагт 25, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол бүртгэгдэв. Үүнээс Орхонд 8, Булганд нэг, Сэлэнгэд нэг, Өвөрхангайд 3, Говь-Алтайд 7, Дорноговьд 2, Завханд нэг, Увс аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 49 524 боллоо. Харин 877 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 42 721 хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай долоон хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 221 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай нийт 3870 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 104 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 523 нь хүнд, 1364 нь хүндэвтэр, 1879 нь хөнгөн гэж оношлогджээ.

Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2690 хүн гэрийн ажиглалтад байна. Эдгээр хүмүүс биеэ маш сайн ажиглах, ямар нэг өөрчлөлт гарвал өрхийн эмнэлэгтээ яаралтай хандан тусламж үйлчилгээ авах хэрэгтэйг ЭМЯ-наас анхааруулав.