Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг СЕХ өнөөдөр 10.30, 11.40, 12.10 цагт гардуулна.
Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлэн санал авахаас 24 цагийн өмнө буюу ирэх сарын 7-ны 23.59 цагт дуусах юм. СЕХ-ны энэ сарын 7-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарыг нэр дэвшигчээр бүртгээд байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид сурталчилгаандаа цахим хуудас ашиглах тохиолдолд түүнийгээ энэ сарын 27-ноос өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой.
Түүнчлэн Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан. Уг журамд сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдваргүйтгэл хийх, агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах талаар тусгасан юм. Мөн хүн хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна.
Мөн сонгуулийн үед сонгогчдоос гадна хэсгийн хороодын 37 мянга гаруй ажилтныг амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах, Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах 6300 орчим хүний хоолны зардал болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа юм.
Ташрамд дурдахад, УИХ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг ирэх сарын 9-нд товлосон бөгөөд санал хураах, тоолоход “New Image Cast” төхөөрөмжийг ашиглана.