Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” (ТХБ-II) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ 2021 оны 5 сарын 03-наас 5 сарын 7-ныг дуустал цахим хэлбэрээр орон даяар зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээний зорилго нь ТХБ-ыг хэрэгжүүлсэн ололт, амжилт, сургамж, туршлагаа хуваалцан бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтыг үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны төлөвлөгөө-зураглал боловсруулахад оршино.
Энэ удаагийн Үндэсний нэгдсэн арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын Хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Техникийн Зөвлөн Зохицуулах Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн байгууллагууд болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний зөвлөл “ТХБ 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн зургаан чиглэлийн хүрээнд зохион байгуулна.
Энэ хөтөлбөрт байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх түвшний байгууллага болон мэргэжил, арга зүйн институт, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хамруулж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах, түншлэл, хамтын ажиллагааны үндсийг тавихаар зорьж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн цахимаар хэлбэрээр вертуал орчинд зохион байгуулж буй тус нэгдсэн арга хэмжээнд 10,000 хүртэлх хүн бүртгүүлэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах долоон салбар үйл ажиллагаа нь зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, форум зэрэг хэлбэрээр зохион байгуулагдах юм байна.
- “Тогтвортой хөгжлийн боловсрол ба Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын санаачилга”-ын суурь болох нь” нэгдсэн зөвлөгөөн;
- “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэг (багш нар болон бусад оролцогчдын хүрээнд);
- “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг;
- “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” форум (хяналтын болон боловсролын байгууллагуудын төлөөллийн хүрээнд);
- “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал;
- “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форум;
- “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль –жижиг төсөл санаачлага” хамтарсан хэлэлцүүлэг
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ESD Mongolia- Тогтвортой хөгжлийн боловсрол фэйсбүүк хуудаснаас аваарай.