Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан аймгуудын засаг дарга нартай байгуулсан 2021 оны хамтран ажиллах гэрээнд туссан “Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг дэмжих” үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгийг аймгуудын БОАЖГ-ын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэгчдийн хүрээнд зохион байгууллаа.
Байгалийн нөөцийн хамтын менежментийг тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг сайжруулах, орон нутгийн төвшинд байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжиж байгаа туршлагыг хуваалцах зорилготой энэхүү цахим уулзалт, хэлэлцүүлэгт 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон төсөл хэрэгжүүлэгчид гээд оролцсон юм.
2021 оны байдлаар 2745 байрлал, 68,8 сая га талбай бүхий орон нутгийн тусгай хамгаалалттай газар байдаг. Эдгээр газрын менежментийг сайжруулах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байлаа.
Түүнчлэн байгалийн нөөц баялгаа зөв хуваарилах, иргэд эрх тэгш боломж хүртэх, ирээдүй хойч үеийнхний амьдралын баталгааг хангахын тулд оролцогчид хариуцлагатай байх, оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчныг хариуцан хамгаалах, байгалийн нөөцийг ашиглах, эзэмших, ажлын байр бий болгож, орлогын нэмэгдэл эх үүсвэрийг ард иргэдэд тэгш хүртээх зарчимд үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулагдан байгаль хамгааллын ажлыг хэрэгжүүлж байна.
“Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг дэмжих” ажиллагааг хэрэгжүүлснээр байгалийн нөөцийг хамгаалах, ойн түймрийн гаралт буурах, хууль бус мод бэлтгэл, ан агнуур, хэрэг зөрчлийн тоо багасах, булаг шандын эхийг хамгаалах зэрэг үр дүнг гарч байгааг хэлэлцлээ. Цаашид байгаль хамгаалахад болон иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг бий болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна.